Иргэдэд таатай тоон гарын үсгийн технологийг нэвтрүүлэгч Тридум Кэй
Тоон гарын үсгийн шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
Тоон гарын үсэг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Нөгөө талаасаа цахим орчинд тухайн хүнийг бүрэн илэрхийлэх таны гарын үсгийг орлох мэдээллийн технологийн нэг шийдэл. Энэхүү технологи нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарч, гэртээ эсвэл гадаадад аялж байхдаа ч юм уу, байгаа газраасаа үл хамааран өдөр шөнийн алинд ч өөрийн гарын үсгийг төлөөлүүлэх боломж.
Тухайлбал, цахимаар гэрээнд гарын үсэг зурах,банк санхүү, даатгал, төрийн цахим үйлчилгээ эсвэл цоо шинэ үйлчилгээнд бүртгүүлэх зэргээр өөрийгөө аливаа зүйлд баталгаажуулахад тоон гарын үсгийг хэрэглэнэ. Бодит жишээн дээр дурдаж хэлэхэд иргэн хурууны хээний тусламжтайгаар ТҮЦ машинаас төрийн зарим үйлчилгээг түргэн шуурхай авснаараа даваа талтай болсныг Монголчууд мэдэрсэн. Гэхдээ иргэд энэхүү үйлчилгээг авахыг тулд аль ойр байгаа ТҮЦ машин уруу очиход тээврийн зардал болон цаг хугацааны алдагдал хүлээж байгаа. Харин одоо тоон гарын үсгийг ашигласнаар дээрх үйлчилгээг илүү хялбарчилж, гар утас, компьютер ашиглан байгаа газраасаа ямар нэгэн дугаарлалтын асуудалгүйгээр шууд авах боломжийг олгож байгаа.
Энэхүү иргэдэд төвөггүй үйлчилгээ үзүүлэх боломж нь зөвхөн төрийн үйлчилгээнд бус хувийн хэвшлийн байгууллагууд ч нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал банкинд данс нээх, хаах, зээлийн хүсэлт өгөх зэрэг биеэр очиж, үйлчлүүлдэг газруудад өөрийн байгаа газраас тоон гарын үсгийн тусламжтайгаар үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байгаа юм. Нэмээд нэг зүйлийг тодруулахад хувь хүний зурсан ердийн гарын үсгийг хуулбарлан дуурайх асуудал ямагт гарч ирсэн. Харин энэхүү тоон гарын үсгийг ашигласнаар хуулбарлан дуурайх ямар ч боломжийг олгохгүй.
-Иргэд тоон гарын үсэгтэй болохын тулд танай байгууллагад хандана гэсэн үг үү?
-Тиймээ, иргэд манай байгууллагад хандан тоон гарын үсгээ авах боломжтой. Тоон гарын үсэг нь 2011 онд батлагдсан “Цахим гарын үсгийн тухай” Монгол улсын хуулинд зааснаар дан ганц иргэний баталгаажуулдаг арга хэрэгсэл төдий зүйл биш. Энэ хуулинд тамга тэмдгийг орлуулан хэрэглэж болох заалт бий. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж тоон гарын үсгийг ашиглан байгууллагаа төлөөлүүлэх боломжийг олгосон.
/Тамгыг орлуулан хэрэглэхдээ тамга дарж баталгаажуулах эрх бүхий этгээдийн тоон гарын үсгийг давхар хэрэглэнэ гэж заасан байдаг. Тиймээс бид дан ганц иргэн гэлтгүй байгууллагуудад тоон гарын үсгийг олгоно гэж давхар ойлгож болно/.
-Иргэд тоон гарын үсгийг бий болгохын тулд юу шаардлагатай байдаг вэ?
-Юуны өмнө тоон гарын үсэгтэй болохын тулд иргэнд юу хэрэгтэй талаар хэлэх нь зүйтэй болов уу. Тухайн хүнийг төлөөлөх тоон гарын үсэг нь өөрөө маш урт тусгай математикийн алгоритмын аргаар гарган авсан тоон цуваа юм. Иргэн энэхүү урт тоон цувааг гарган авахад шаардлагатай өөрийн гэсэн дахин давтагтагдашгүй урт хэмжээтэй (256 тэмдэгтээс бүрдэх) түлхүүр хэрэглэх болдог. Энэ нь цээжлэх болон аюулгүй биедээ авч явахад төвөгтэй тул тусгай олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн тээгчид хадгалах хэрэгтэй байдаг. Тээгч төхөөрөмжийг энгийнээр хэлэхэд бидний өдөр тутам хэрэглэдэг USB диск шиг гэж ойлгож болно.
Иймд иргэн тоон гарын үсгийг эзэмших боломжтой болохын тулд тээгч, тоон гарын үсгийг үүсгэгч хувийн түлхүүр байхад болно. Энэхүү түлхүүрийг бий болгох болон баталгаажуулан олгох ажлыг манай байгууллага хийж гүйцэтгэнэ. Энгийнээр зүйрлэвэл иргэний үнэмлэхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар олгон баталгаажуулдаг бол бид таны цахим орчинд ашиглах үнэмлэхийг баталгаажуулан олгоно гэсэн үг.
Нэгэнт иргэнийг цахим орчинд бүрэн танин баталгаажуулах үйлдлийг хийнэ гэдэг утгаараа тухайн тээгчид нэмэлтээр хувь хүний мэдээлэл болох овог нэр, хувь хүнийг илэрхийлэх тусгай дугааруудыг мөн хадгалан баталгаажуулна.
-Аюулгүй байдлыг хэрхэн хангасан юм бэ?
-Мэдээж аюулгүй байдал бол цахим орчинд анхаарах ёстой чухал сэдэв. Иймээс иргэн энэхүү өөрийгөө илэрхийлэх түлхүүрийн мэдээллийг алдахаас хамгаалах нөхцөлийг бид бүрдүүлэх ёстой. Энэхүү тээгч нь олон улсын аюулгүй байдлын стандартын дагуу хийгдсэн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан ба хадгалагдсан түлхүүр нь тухайн төхөөрөмжөөс гадагш гаргаж авах ямар ч боломгүйгээр бүтээгдсэн.
Энэхүү төхөөрөмжийг бид давхар Монголын холбогдох мэргэжлийн байгууллагуудаар давхар шалгуулан аюулгүй гэдгийг баталгаажуулсан. Тухайн төхөөрөмжид хандалт хийхийн тулд мэдээж иргэн бүр өөрийн нууц үгээр уг төхөөрөмжийг хамгаална. Тухайн төхөөрөмж нь санаатай болон санамсаргүйгээр алдагдсан тохиолдолд тухайн түлхүүрийг ашиглах ямар ч боломжгүй хийгдсэн тул итгэлтэй байж болно. Гэхдээ мэдээж тухайн төхөөрөмжид хандах нууц үгээ иргэн хэнд ч хэлж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нөгөө талаас тухайн тоон гарын үсгийн дэд бүтэц буюу мэргэжлийн хэллэгээр нийтийн түлхүүрийн дэд бүтцийн системдээ бид дэлхийн олон улсад ашигладаг шалгарсан Швед улсын шийдэл болон технологийг ашиглаж байна.
-Тоон гарын үсгийг хэрэглэхэд хэр төвөгтэй вэ?
-Дэлхий нийтэд энэ технологи хэрэглээд олон жил болж байна. Хамгийн гол нь аливаа зүйлийг хялбарчилж, цаг хугацаа хэмнэх, дугаар дараалалгүй үйлчлүүлэх дэвшилтэт технологи тул дэлхийд хэрэглэх хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэрэглэхэд төвөгтэй байдал огт байхгүй зөвхөн иргэд шинэ технологи учраас үүнийг хэрэглэж дадах, хэвших асуудал юм. Анх ухаалаг утас гарч байхад тухайн утасны үйлдлийг ашиглаж сурахад хүн бүхэн өдөр тутмын хэрэглээгээр сурч хэвшсэнтэй ижил зүйл гэж ойлгоход болно.
Хэрэглээг илүү хялбар байлгах хэвшүүлэх үүднээс төр болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн цахим үйлчилгээндээ тоон гарын үсгийг дэмжих програм хангамжийг хэрэглэгчдэд хэрэглэхэд маш хялбар байдлаар зохион бүтээхэд болно.
-Танай байгууллагын санал болгож буй тоон гарын үйлчилгээний давуу тал юу вэ?
-Тоон гарын үсгийн үйлчилгээг эрхлэхийн тулд улсаас тусгай зөвшөөрөл авдаг ба энэхүү тусгай зөвшөөрлийг аюулгүй байдлын, хүний нөөцийн гэх мэт олон шалгуурын дүнд олгодог. Бидний үйлчилгээний онцлог гэвэл бид 100% мэргэжлийн боловсон хүчин, найдвартай хамт олонтойгоос гадна технологийн хувьд хөдөлгөөнт төхөөрөмж буюу гар утаснаас таны тоон гарын үсгийг зурах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Өнөөдрийг хүртэл суурин компьютерын тусламжтайгаар тоон гарын үсгийг ашиглах боломжтой байсан.
Харин манай компани нь тоон гарын үсгийн дан гар утас бус хөдөлгөөнт төхөөрөмж буюу ipad/таблет дээр хүртэл хэрэглэх боломж олгох бүрэн шийдлийг санал болгож байгаа нь иргэдэд томоохон давуу талыг олгож байгаа. Өнөөдөр аливаа зүйлс суурин компьютероос зөөврийн төхөөрөмж тэр тусмаа ухаалаг гар утас руу шилжиж байгаатай уялдан бүх төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ хэрэглэгчдийн гар утсанд шилжиж байна. Энэхүү үйлчилгээг үзүүлж буй ухаалаг утасны програм хангамжийг тоон гарын үсэгтэй хослуулснаараа иргэдэд үйлчилгээг хэрэглэгчийн гарт шууд хүргэж байгаа гэдэг нь бидний онцлог бөгөөд үүгээрээ бид Монголдоо анхдагч болоод байна.
Бидний хувьд ухаалаг утсанд зориулсан тоон гарын үсгийн програм хангамж болон бусад үйлчилгээний програм хангамжтай зохицох шийдэл мөн утасгүй хувь хүний түлхүүрийг тээгч төхөөрөмжийн шийдлийг санал болгоод иргэдэд хүргэхэд бэлэн болгосон. Энэ ч утгаараа бид тоон гарын үсгийн үйлчилгээ үзүүлэх “Tridum key” байгууллагынхаа нээлтийн үйл ажиллагааг өчигдөр хийгээд байна. Нөгөө талаасаа манай утасгүй шийдэл маань хослон ажиллах чадвартай. Өөрөөр хэлбэл уг шийдэл маань хөдөлгөөнт төхөөрөмжөөс гадна суурин компьютерт хэрэглэх боломжтой нь хэрэглэгчдийн тоон гарын үсгийн ашиглах уян хатан байдлыг хангаж байна.
-Танай байгууллагаас олгосон тоон гарын үсгийг одоогоор хэрхэн хэрэглэх вэ?
-Иргэн манай байгууллагад хандсанаараа тоон гарын үсгээ авах боломжтой. Энэхүү авсан тоон гарын үсгийн тусламжтай саяхан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас санал болгож буй www.burtgel.mn веб хуудсаар нэвтрэн өөрийн тоон гарын үсгийн тусламжтайгаар байгаа газраасаа онлайнаар олон төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой болсон.
Одоогоор энэ нь суурин компьютерт зориулсан хувилбартай байгаа. Харин ухаалаг гар утасны хувьд Нийгмийн даатгалын ерөнхий газрын иргэдэд иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн мэдээллээ авах боломжийг олгодог програм хангамжийг гар утаснаасаа бидний олгосон тоон гарын үсгийн тусламжтайгаар тухайн системд нийгмийн даатгалын салбарт биеэр очилгүйгээр бүртгүүлэх, нэвтрэх зэргээр ашиглан мэдээллээ авах боломжийг бүрдүүлэн өгч өчигдрийн нээлтийн арга хэмжээн дээрээ танилцуулсан.
Энэхүү програмын тоон нарын үсэг ашиглах боломж бүхий шинэ хувилбар удахгүй иргэдэд хүрнэ. Иргэдэд тоон гарын үсгийг зурахаас гадна бас нэг учирдаг асуудал нь аливаа системд нэвтрэхийн тул заавал өөрийн биеэр тухайн үйлчилгээний цэгт очин өөрийгөө баталгаажуулан эрх авдаг. Харин одоо бидний олгох тоон гарын тусламжтайгаар та биеэр очилгүй зайнаас өөрийгөө баталгаажуулан бүртгүүлэх боломжийг олгож байна.
-Тоон гарын үсгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.