Гарын үсгээ Гар утаснаасаа зурах боломжтой боллоо
Тридум Кэй ХХК нь шинэ дэвшилтэт бүхнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог Мобиком Корпораци ХХК-тай хамтран Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын дэмжлэгтэйгээр сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээг нэвтрүүлээд байна.
“Тоон гарын үсэг” үйлчилгээ нь бүхий л салбарын, бүх шатны аж ахуй нэгж, байгууллага ашиглах боломжтой, дэлхий дахинаа хэдийн танигдсан дэвшилтэт технологи юм. Хэрэглэгчдэд гэрээсээ, ажил дээрээсээ, гадаадад явж байхдаа гээд хаанаас ч явдал чирэгдэлгүйгээр гар утаснаасаа үйлчилгээ авах боломжийг олгож байгаа юм.
Цахим үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудад уг үйлчилгээ нь хэдийнээ иргэдийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болоод байна. Үүний нэг жишээ нь, “Дижитал хувьсал”-ыг амжилттай хэрэгжүүлсэн, 1,3 сая хүн амтай Эстони улс. Тэдний хувьд анх 1997 онд “и-Эстони” хөтөлбөрөө эхлүүлсэн бөгөөд өдгөө төрийн болон бусад бүхий л төрлийн үйлчилгээний 99% нь цахимжсан байна. Монгол Улсын хувьд цахим үнэмлэх, цахим бүртгэл, цахим төлбөрийн систем гээд орон даяар дижитал хувьслыг хэрэгжүүлэх ажлаа мөн адил амжилттай эхлүүлээд байгаа билээ. Монгол Улсын Засгийн Газраас Цахим засаглал буюу “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээ нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” гэж юу вэ?
“Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптограф хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн гарын үсгийг бүрэн орлож, илтгэхээс гадна хэрэглэгчийн гарын үсгийг цахим орчинд хуурамчаар үүсгэх, хулгайлах эрсдэлгүй гэдгээрээ олон улсад шалгарсан арга хэрэгсэл юм.
Тухайлбал, эрүүл мэнд, даатгалын үйлчилгээ авах, автомашины болон бусад төрлийн татвар төлөх, үл хөдлөх хөрөнгө худалдах, бусдад шилжүүлэх зэрэг маш олон төрлийн үйлчилгээнээс гадна аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, дансны мэдээллээ хянах, төлбөр тооцоо гүйцэтгэх, тайлан мэдээ илгээх гэх мэт бусад үйлчилгээнд өргөн хэрэглэгдэж, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх боломжтой.
Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээний давуу тал?
Төрийн болон банк санхүүгийн байгууллага нь энэхүү үйлчилгээний хамгийн эрэлттэй хэрэглэгч бөгөөд тухайн байгууллага сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” ашиглан үйлчилгээ үзүүлснээр ачааллаа бууруулах, зардлаа хэмнэх, үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэхээс гадна технологийн өндөр нууцлал дор хэрэглэгчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах болно. Цаашилбал Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг олон эерэг үр дагаврыг авчирна.
Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
Юуны түрүүнд Та “Тоон гарын үсэг”-ийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий тусгай сим картыг худалдан авах шаардлагатай. Тус гэрчилгээ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байх ба жилд нэг удаа сунгуулан үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглана. Түүнчлэн, энэхүү үйлчилгээг нэн түрүүнд “Candy” цахим мөнгө болон “Candy” зээлийн гэрээ байгуулахад ашиглах боломжтой. Цаашид Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээ, төрийн болон банк санхүүгийн байгууллагууд зэрэг аль ч салбарын үйлчилгээг “Тоон гарын үсэг” ашиглан авах боломж бүрдэх болно.
Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээний хэрэглэгч болохын тулд хаана хандах вэ?
Та уг үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл Мобикомын үндсэн салбаруудад хандаарай.